Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Wednesday, June 29, 2011

Нүдэнд чинь би хайртай /Ангийнхаа охидуудад /

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хун шувуу нуураа гэж андуурдаг
Тунгалаг намирсан хөмсгөнд чинь гөрөөс янзагалж
Сормуусан доороос чинь солонго тасдаж
Зүг бүрт нисгэмээр болдог

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хөөрхөн харцанд чинь эрчүүд сөхөрч унадаг
Тэргэл сар мэт зовхин дор чинь үүлс хуралдаж
Санааны минь хязгаараас бороо цайраад
Зөрөг цэцэгсийг усладаг

Тас хар нүдэнд чинь би хайртай
Хачин нам гүм намайг эзэмдэн
Түнэр өвс сүүмийн хажууд ургах мэт хөмсөгтэй минь орооцолдож
Зүс гоо ертөнцийн төгсгөлд хагдардаг
Тас хар нүдэнд чинь л би хайртай...

Friday, June 24, 2011

ТЭНГЭР ШИГ БАЙ!

...Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Wednesday, June 8, 2011

ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА.

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухаарна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла.

Б.Энхтуяа

Monday, June 6, 2011

БИ УУЧИЛСАН....

Цэцэг цэцгийн өнгөнд шунаж ниссэн эрвээхэйн занг уучилсан
Цэнхэр будантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан.
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг ч бас уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад ирээсэй гэж ерөөсөн.
БИ УУЧИЛСАН
Намайг гомдоож зүрх зүссэн хүн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан.
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ залуу нас минь гэж цайруулсан.
БИ УУЧИЛСАН
Уучлахгүй бол зүрх хүндрээд байхаар нь
Уужимхан хорвоо гэвч давчдаад байхаар нь
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжин цаана минь хайр ундарсан.
БИ УУЧИЛСАН...

Wednesday, June 1, 2011

Өнөөдөр 6-р сарын 1




Үртэй болсноосоо хойш амттаныг бүрэн амсаж үзээгүй

Үр нь баярлаж байвал өөрөө жаргалтай байж чаддаг

Үлгэр зохиож үрийнхээ тавиланг зурж амьдардаг

Үлэмжийн төгс төгөлдөр ижий бүхний өмнө мөргөе
Монголын сайхан ээж-эмээ та бүхэндээ ЭХ ҮРСИЙН БАЯР-ын мэнд хүргье...
Зуны сарын эхэн
Зургаан сарын нэгэн

Хүүхэд бүхний баяр

Хөгжилтэй сайхан өдөр

Mонголын үрс маш олон болох болтугай!

Ганцхан ЭЭЖДЭЭ өргөх шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хүртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!