Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Tuesday, May 31, 2011

45-ын гутал /бидний үеийн дурсамжаас..../

“Цагаан сар” өнгөрч хөл хөлхөөн багасаад, эмээ агаа бид гурвыг тоодог хүн ховордоод, хаврын урт өдрүүд налайгаад ирэхийн үес Сэгсгэрийн сэтгэл доноголзоод эмээгийнхээ ханцуйнаас үг сүггүй дугтчаад эхэлдэг сэн. -Эмээж /эмээ ээж гэж байгаа юм/ гурвуулаа Давхар дэлгүүр явъя л даа. Та агаад гутал авч өгнө гээ биз дээ, агаад гутлыг нь авъя л даа /Агаагаар далимдуулаад өөртөө бас гоё юм авахуулчих санаа дотроо агуулаастай/. Нэлээд хэдэн өдөр дугтчуулж дугтчуулж эмээ маань агааг хичээлд нь явуулчихаад Сэгсгэрийгээ хөтлөөд Давхар дэлгүүр рүү хийсгэнэ дээ. Давхар дэлгүүр гэдэг нь тэр үед аймгийн төвдөө л Их дэлгүүр нь байсан юм. Эмээ авдраасаа дээл хувцасаа гаргаж хэрдээ л хөл болно. Шоопинг хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл бол лут аа лут. Муу Сэгсгэрийнхээ үсийг жавхайтал сүлжиж гоёж гоодоод сүйд болно. За тэгээд л том жижиг хоёр майга Давхар дэлгүүр хүртэл ам хуурайгүй гунганалдсаар орж явчихна даа. Даавуу даалимбанаас эхлээд Сэгсгэрт шинэ дээл хийвэл энгэр ханцуйд нь эмжээр хийх навчин тууз, агаад галстук гээд л үзэж шохоорхох, авч уутлах зүйл мундахгүй. Агаа нэг их том хүн болж саяхнаас захны даавуу галстукаа өөрөө индүүдэж гийгүүлдэг болсных галстук гээч юм тэсэхээ больсон үе. Хэзээний л халуун индүүнд умайлгачихдаг юм. Иймэрхүү аар саар юм авч цуглуулсаар хоёулаа хамгийн гол худалдан авалтандаа тулж ирнэ дээ. Давхар дэлгүүр рүү ирэх замдаа Сэгсгэр гутлаа голж агаагаа шинэ гуталтай болчихоор хичээлдээ хамт явахгүй ээ энэ тэр гэж жаал “шувуу нисгэснийх” эмээ шууд л надаа гутал үзээд эхэлж байгаам чинь. Үзэж шалих ч юм байхгүй дээ. Надад таарах жижиг хүүхдийн гутал угаасаа л хоёрхон янзых юм чинь. Аль нэгийг нь л авах хэрэгтэй болж байгаам. Тэгэхдээ ядаж ангийнхаа охидын олноороо өмсөж байгааг нь сонгож байгаа юмаа. Тэр үед ховор содноосоо илүү олон нийтээ даган формлох л дуртай байж дээ. Шинэ гутлаа шууд өмсчихнө өө мань Сэгсгэр. Эмээ ч боль байг гэхгүй шууд л өмсүүлээд хуучныг нь даалимбан уутандаа хийгээд шинэ гутлаасаа харцаа салгахгүй зүрх нь савласаар байгаа муу Сэгсгэрийгээ хөтлөөд дэлгүүрийн мухар рүү алхчихна. Агаад гутал авах гэж байгаа нь тэр. Азгүй муу агаад минь тэр үед таарах юм олдохгүй ээ. Эмээ томоохон шиг гутлуудыг шүүрч аваад л улыг нь төөлөөд гайхалзаад зогсоод байна. Тэгж тэгж явсаар айлын ээж эмээ нарын өмсдөг 45-ын гутал дээр сонголт тасхийтэл буудагийм даа. Энийг аваад өгчихөөр агаа яаж оволзохыг би мэдэж байгаа болохоор дотроо элэг хөших гээд л зогсож байна, хүний мууд дуртай хог. Эмээ 45-ын гутлаа ч авлаа. Яахав агаад өмсгөх гэж байгаа болохоор үс нь гадагшаа цухуйгаагүй, намхан түрийтэй, ер нь бол нэлээд эрэгтэйлэг цэвэрхнээс нь авч байгаам. Тэр үед чинь 45-ын гутал гурван янз байсан юм. Ландгар, сагсгар, цэмцгэр гэж нэрлэж болохоор хэлбэр хийцтэй. Агаад бол цэмцгэрийг нь авч байгаа нь энэ л дээ. Агаа нээрээ цэмцгэр юм байна гэж яг л өмсөж харагдаач. Орой нь агаа дуу шуу болсоор гүйж ирдэгийн. Би агаагаа тосч очоод “Эмээж чамд гутал авчихсан” гээд шуугиулчихсан юм чинь. Хөөрсөөр давхиж ирсэн нөхөр 45-ын гутал хараад нүд нь ямар гоё болсон гэж санана аа. Зохимжгүй эрс тэс хоёр дүрсийг ар араас нь залгахад монтажин дээр “Дүрс үсэрнэ” гэж ярьдагийн. Яг л тэрэн шиг агаагийн арзайтал инээсэн царай нь барзайтал үрчийгээд нүд аманд нь юу юугүй нулимс цийгээд “дүрс үсэрчихэж” байгаам чинь. -Эмээж, энэ муу Сэгсгэртээ зүгээр гутал авчихаад, надаа болохоор чавганцын муу 45 аваад байхдаа яадагийн. Наадахыг чинь би үхэж байсан ч өмсөхгүй за юу. Би тэгвэл сургуулиасаа гарлаа. Ий ий ий... Эмээ байж ядан хавчилзсанаа гүрийхээр шийдэв бололтой -За цөг зомо. Сургууль номноос гарна ч гэх шиг юугаа дэмийрээд байгаа шидэл вэ. Аваад өгсөн гутал өмсөөд явж чадахгүй бол хөл нүцгэн гүйхгүй юу чи. Үгүй ер, жигтэйхэн юм болох нь шив /дуу нь чангарна/ Агаагийн енгэнэх нь ч бас дагаад чангарна л даа мэдээж. -Аавыг Чита явахад нь та муу өөрөө Бямбад битгий гутал авчир гэчихээд одоо юу гээд байгаа юм. Муу тэнэг эмээжий. Би сургуулиас гарчихсан за юу. Дахиад яасан ч очихгүй. Миний гутлын хоншоор цав цагаан болчихсон байхад чинь би юу гэж сургуульд явж байхийн... ий ий ий. ...Энэ үйл явдал мэдээжийн дайн дажин болон өрнөж дараа нь эмээ хошуу цорвойн авдраа уудалж алга тэнийлгэснээр өндөрлөж билээ. Агаа тэгэхдээ нөгөө 45-ын гутлыг нь нээрээ л өмсөөгүй. Эмээ ч бас өмсөөгүй. Эмээг өөд болсны дараа эмээжийн өмд гутлынх нь саванд нөгөө 45-ын гутал чинь цоо шинээрээ байж л байсан...

Monday, May 30, 2011

Сэтгэлд минь үргэлж уяатай найз нар минь

Сэтгэлээс минь үргэлж уяатай миний хэдхэн найз
Итгэлээс минь дандаа ундрах жаргал бүхний эзэд
Сэвгүй мөрөөдөл бүхэн минь та нартайгаа хамт байж
Сэргэлэн залуу насны эрч хүчийг мэдэрдэг ээ

Борхон зүрх минь гунигаар дүүрч бодолд автан суухын цагт
Болсон болоогүй бүхнийгээ ярьж бухимдал тайлах сайхан
Бяцхан баяраа хамтдаа хуваалцаж бүргэд шиг нисэхийн үед
Буух газрын зурвас болсон буртаглагдаагүй сэтгэл даанч сайхан

Сайхан гэж би найз нөхдөө хэлнэ ээ
Салахгүй ээ гэж бас өөрөө өөртөө амлана аа
Саваагүй зангаа хөдлөхөөр хааяа бас бардамнана аа
Санагдаад ирэхийн үед л үргэлж би гуниглана аа.

Wednesday, May 18, 2011

Жинхэнэ найз.....

...Ёс журам ярин ширээ тойрон сууж
Ёслол хүндэтгэл хийж эрүүл мэндийн төлөө тулгахдаа
"Ёроолыг нь гартал ууна шүү" гэж улайран шахах
Ёозгүй загнах нэг нь ЖИНХЭНЭ НАЙЗ биш
Төгс биш орчлонгийн хүйт даасан өдрүүдэд
Төө зайгүй найз дарсаар биш, харин
СЭТГЭЛЭЭРЭЭ ДУЛААЦУУЛДАГ... /Баяраа даргын монгол орчуулгын хувилбар/

.....Друг не тот, кто в застолье крут,

И когда за здоровье пьют

Друг не станет тебе кричать -

"Пей до дна".

Друг почувствует, что тебе

Стало холодно на земле

И согреет своим теплом

Без вина....

.....A friend is not someone who's great at parties,
And when everyone's drinking the health
A friend's not gonna yell to you "Bottoms up!",
A true freind's gonna sense that you
Are feeling cold and lonely in the world,
And he's gonna warm you up
Needing no wine..

Sunday, May 15, 2011

Та нартаа мэндчилж байна.



Найзууд аа, та нартаа Хөвсгөл аймгаас мэндчилж байна. Өнөөдөр энд ирлээ. Сүүлийн 5-6 жил лекц уншаад, сургалт хийгээд ийнхүү аялдаг болсон. Монголыг бараг бүтэн тойрох гэж байна. Одоо Дорнод, Дорноговь, Баян-Өлгий л үлдсэн байна. Намраас 2 дахиа тойрч эхлэнэ. Ер нь 7 тойрно гэж бодоод байгаашдээ. Өнгөрсөн он жилүүдэд дарга цэрэг хийж, онгирч сагсуурч, бас унаж боссон, бусдад сургамж болохоор амьдралын түүхээ “Өөдрөг амьдрахуйн нууц” лекцээрээ ярьж явдаг юм. Та нартаа ч гэсэн зориулж “Урмын Үг” нэртэй буланг ангийнхаа Кокорчин блогт нээж ажиллуулж байя гэж бодож байгаа.
Нээх гэснээс ойрын үед 5-ын Б-ийнхэн олон зүйлийг гялс гялс нээлээ. Энэхүү блог нээгдлээ, ангийн хуримтлалын данс нээгдлээ, хандивын хөдөлгөөн нээгдлээ. Олон олон нээлтүүд цаашид ч гэсэн ар араасаа цуврах бололтой. Та нар минь анхдагчуудын жагсаалтын эзэд болцгоогоорой. Сайхнаа маань хандивын хөдөлгөөнийг санаачилж эхлүүллээ, Мягаа маань Кокорчиныг эхлүүллээ, Энхболор маань хуримтлалын дансыг эхлүүллээ...гээд нэрлэх юм бол зөндөө зүйлсийг эхлүүлжээ. Хуримтлалын данс: Худалдаа Хөгжлийн банк 406071050 шүү. Хуримтлалын данс маань лаг баян болоод найз нөхдийнхөө баяр жаргал, бас хэцүү өдрүүдийг хамт туулахад зарцуулагдах юм. Бидний хүүхдүүд томорч, түрүүч нь өрх тусгаарлаад эхэлжээ. Бас өндөр боловсрол, ажил мэргэжилд шимтэн суралцаж байна. Гээд тоочих юм бол Санхүү мөнгө хэрэгтэй юм их л гарна даа. Жиймаагийнхаа хүүг ямар нэг байдлаар дэмжиж байх талаар ч бодох юм байна.
Бид оюутан байхдаа юм бүхэн дээр манлайлагч хөөрхөн хамт олон байсан шүү. Кокорчин гэснээс энэ үгийг та нар минь сонсоод бүгд санаж байгаа биз дээ. Зөвхөн манай ангийнхан мэддэг үг. Бид намрын ажилд явахдаа амттай юмыг энэ үгээр нэрлэж, бусдын дэргэд нууц паролоор “Кокорчин байна уу” гэж хэлж амьхандаа булагнаж иддэг байсан хөгжилтэй өдрүүдээ дурсаж, бас бид бүхний амьдрал амттай байхыг бэлэгдэж блогоо нэрлэсэн юм шүү.
Орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж блогоор уулзаж байхаас гадна, нүүр тулан уулзаж бие биендээ урам зориг өгөх уулзалтууд ч эхлэлээ тавьж байгаа. Энхсайхан маань ойрын үед Баганууртаа, Мягаа маань Хөвсгөл далайдаа ангийнхныгаа бас уриад байгаа.Энэ мэтчилэн бүх санал санаачлагуудыг ажил болгохын тулд ангийн дарга нь сайн зохион байгуулнаа. Алга болж болж гэнэт гарч ирсэн даргыгаа өршөөгөөрэй. Одоо та нартайгаа ойр байх болноо. Блог эрхлэгч Мягаагийнхаа хүссэн материалыг шуурхай өгч байгаарай, найзууд аа.
За та нарыгаа тэвэрье. Баяраа дарга нь.

Tuesday, May 10, 2011

Санаж л явна даа, та нарыгаа.... (Алсын Америкаас...)


Сайн байцгаана уу, миний хөөрхөн найз нар аа!
Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум мэт нисэн өнгөрч, сургууль төгсөөд, хонхны баяраа хийгээд, уйлалдаад салж байснаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ богинохон ч юм шиг хэрнээ хүний амьдралын бүхэл бүтэн нэг үеийг өнгөрөөхдөө найз нь хорвоогийн эрээн бараантай амьдралыг бүгдийг нь туулж мэдэрлээ. Би нэг л юмыг маш сайн ойлгож байна: хүнд хамгийн нандин үнэ цэнэтэй юм бол эцэг эх, үр хүүхдээс минь гадна, хэзээ ч олдошгүй багын минь найзууд юм байна гэдгийг. Магадгүй, та нар минь нутаг орондоо элэг бүтэн амьдралтай, бас хааяа ч гэсэн хэдэн биенийгээ хараад явдаг болохоор багын найз нараараа дутаж, тэднийгээ санан үгүйлж явахын зовлонг тэр бүр мэдрэхгүй л яваа байх. Энд ирсээр найз нь нэг л мэдэхэд 9 жил болчихжээ. Хүний газар бишгүй л юм үзэж явахдаа муу найз нараараа их л дутаж, дотор минь өмөрч явна даа... Би та нартайгаа байхдаа өөрийхөөрөө инээж хөхөрч, бас уйлж галзуурч, хамгаас илүү аз жаргалтай байж чаддаг. Энд бол жоохон л юм ярих гэхээр "онгироо" нэр зүүчих гээд, дуулж чанга чанга инээхээр "галзуу авгай" мэт харагдчих гээд доторхоо ч нээж чадахгүй битүүрч явсаар бэтгэрч үхэхнээ, найз нь... Би та нараараа бахархдаг шүү. Хаана ч явсан манай ангийхан гээд шал танихгүй хүмүүст та нарыгаа ярьчихсан л цохиж явдаг. Энд танилцсан цөөн хэдэн найз нар маань Петька, Васька, Чавка, Анька гээд онигооны гол баатруудыг бол андахгүй шүү дээ... Би ер нь хөгшрөхгүй мэт санаж, хэдэн муу найз нараа мөнхийн юм шиг бодож явждээ... Талийгаач Жиймаагаа өнгөрөөд, Энкүшийгээ өвдөөд ирэнгүүт өөрийн эрхгүй та нарыгаа улам их санаж, ер нь ангийн гурвалжны хурц өнцгийн ажлаа сайн хийж, та нарыгаа уулзуулж, учруулж, харилцаа холбоог нь сэргээхгүй бол болохгүй нь гэж бодлоо. 5б гэдэг анги хэзээ ч тарж бутрах ёсгүй. Үхэн үхтлээ бид холбоотой байж, бидний үр хүүхэд, хойч үед минь бидний нөхөрлөл үлгэр жишээ болж явах учиртай гэж бодогдсон юмаа. Биднийг уулзуулж, санасан сэтгэлийг минь дэвтээх энэхүү блогийг нээх санаачлага гаргасан ангийн дарга Баяраадаа, мөн бидний блогийг ажиллуулж байгаа компьютерийн мастер Петькадаа хувиасаа болон найз нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! Мөн намайг энд байхад надтай үргэлж холбоотой байж, сэтгэлийн дэм, урам хайрладаг, эрч хүч өгдөг найз нартаа баярлаж явдагаа илэрхийлэхийн ялдамд "Та нартаа хязгааргүй хайртай шүү!" гэдгээ дахин дахин хэлмээр байнаа. Энэ блогоо цаашид улам өргөжүүлэхийн тулд хүн бүр идэвхтэй оролцож, гэр бүлийнхээ зурагнууд болон танилцуулгаа, мөн сэтгэгдлээ Петька руу илгээгээрэй. Бид ангийн фото альбом болон өөр олон сайхан зүйлс хийхээр төлөвлөөд байгаа.
Удахгүй та нарыгаа тэврэн уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлэн, мэхийн мэндчилсэн муу найз Сайхнаа /Вовка/ тань /ангийн гурвалжны хурц өнцөг/
2011 оны 5-р сарын 10 Чикаго хот.