Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Tuesday, May 31, 2011

45-ын гутал /бидний үеийн дурсамжаас..../

“Цагаан сар” өнгөрч хөл хөлхөөн багасаад, эмээ агаа бид гурвыг тоодог хүн ховордоод, хаврын урт өдрүүд налайгаад ирэхийн үес Сэгсгэрийн сэтгэл доноголзоод эмээгийнхээ ханцуйнаас үг сүггүй дугтчаад эхэлдэг сэн. -Эмээж /эмээ ээж гэж байгаа юм/ гурвуулаа Давхар дэлгүүр явъя л даа. Та агаад гутал авч өгнө гээ биз дээ, агаад гутлыг нь авъя л даа /Агаагаар далимдуулаад өөртөө бас гоё юм авахуулчих санаа дотроо агуулаастай/. Нэлээд хэдэн өдөр дугтчуулж дугтчуулж эмээ маань агааг хичээлд нь явуулчихаад Сэгсгэрийгээ хөтлөөд Давхар дэлгүүр рүү хийсгэнэ дээ. Давхар дэлгүүр гэдэг нь тэр үед аймгийн төвдөө л Их дэлгүүр нь байсан юм. Эмээ авдраасаа дээл хувцасаа гаргаж хэрдээ л хөл болно. Шоопинг хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл бол лут аа лут. Муу Сэгсгэрийнхээ үсийг жавхайтал сүлжиж гоёж гоодоод сүйд болно. За тэгээд л том жижиг хоёр майга Давхар дэлгүүр хүртэл ам хуурайгүй гунганалдсаар орж явчихна даа. Даавуу даалимбанаас эхлээд Сэгсгэрт шинэ дээл хийвэл энгэр ханцуйд нь эмжээр хийх навчин тууз, агаад галстук гээд л үзэж шохоорхох, авч уутлах зүйл мундахгүй. Агаа нэг их том хүн болж саяхнаас захны даавуу галстукаа өөрөө индүүдэж гийгүүлдэг болсных галстук гээч юм тэсэхээ больсон үе. Хэзээний л халуун индүүнд умайлгачихдаг юм. Иймэрхүү аар саар юм авч цуглуулсаар хоёулаа хамгийн гол худалдан авалтандаа тулж ирнэ дээ. Давхар дэлгүүр рүү ирэх замдаа Сэгсгэр гутлаа голж агаагаа шинэ гуталтай болчихоор хичээлдээ хамт явахгүй ээ энэ тэр гэж жаал “шувуу нисгэснийх” эмээ шууд л надаа гутал үзээд эхэлж байгаам чинь. Үзэж шалих ч юм байхгүй дээ. Надад таарах жижиг хүүхдийн гутал угаасаа л хоёрхон янзых юм чинь. Аль нэгийг нь л авах хэрэгтэй болж байгаам. Тэгэхдээ ядаж ангийнхаа охидын олноороо өмсөж байгааг нь сонгож байгаа юмаа. Тэр үед ховор содноосоо илүү олон нийтээ даган формлох л дуртай байж дээ. Шинэ гутлаа шууд өмсчихнө өө мань Сэгсгэр. Эмээ ч боль байг гэхгүй шууд л өмсүүлээд хуучныг нь даалимбан уутандаа хийгээд шинэ гутлаасаа харцаа салгахгүй зүрх нь савласаар байгаа муу Сэгсгэрийгээ хөтлөөд дэлгүүрийн мухар рүү алхчихна. Агаад гутал авах гэж байгаа нь тэр. Азгүй муу агаад минь тэр үед таарах юм олдохгүй ээ. Эмээ томоохон шиг гутлуудыг шүүрч аваад л улыг нь төөлөөд гайхалзаад зогсоод байна. Тэгж тэгж явсаар айлын ээж эмээ нарын өмсдөг 45-ын гутал дээр сонголт тасхийтэл буудагийм даа. Энийг аваад өгчихөөр агаа яаж оволзохыг би мэдэж байгаа болохоор дотроо элэг хөших гээд л зогсож байна, хүний мууд дуртай хог. Эмээ 45-ын гутлаа ч авлаа. Яахав агаад өмсгөх гэж байгаа болохоор үс нь гадагшаа цухуйгаагүй, намхан түрийтэй, ер нь бол нэлээд эрэгтэйлэг цэвэрхнээс нь авч байгаам. Тэр үед чинь 45-ын гутал гурван янз байсан юм. Ландгар, сагсгар, цэмцгэр гэж нэрлэж болохоор хэлбэр хийцтэй. Агаад бол цэмцгэрийг нь авч байгаа нь энэ л дээ. Агаа нээрээ цэмцгэр юм байна гэж яг л өмсөж харагдаач. Орой нь агаа дуу шуу болсоор гүйж ирдэгийн. Би агаагаа тосч очоод “Эмээж чамд гутал авчихсан” гээд шуугиулчихсан юм чинь. Хөөрсөөр давхиж ирсэн нөхөр 45-ын гутал хараад нүд нь ямар гоё болсон гэж санана аа. Зохимжгүй эрс тэс хоёр дүрсийг ар араас нь залгахад монтажин дээр “Дүрс үсэрнэ” гэж ярьдагийн. Яг л тэрэн шиг агаагийн арзайтал инээсэн царай нь барзайтал үрчийгээд нүд аманд нь юу юугүй нулимс цийгээд “дүрс үсэрчихэж” байгаам чинь. -Эмээж, энэ муу Сэгсгэртээ зүгээр гутал авчихаад, надаа болохоор чавганцын муу 45 аваад байхдаа яадагийн. Наадахыг чинь би үхэж байсан ч өмсөхгүй за юу. Би тэгвэл сургуулиасаа гарлаа. Ий ий ий... Эмээ байж ядан хавчилзсанаа гүрийхээр шийдэв бололтой -За цөг зомо. Сургууль номноос гарна ч гэх шиг юугаа дэмийрээд байгаа шидэл вэ. Аваад өгсөн гутал өмсөөд явж чадахгүй бол хөл нүцгэн гүйхгүй юу чи. Үгүй ер, жигтэйхэн юм болох нь шив /дуу нь чангарна/ Агаагийн енгэнэх нь ч бас дагаад чангарна л даа мэдээж. -Аавыг Чита явахад нь та муу өөрөө Бямбад битгий гутал авчир гэчихээд одоо юу гээд байгаа юм. Муу тэнэг эмээжий. Би сургуулиас гарчихсан за юу. Дахиад яасан ч очихгүй. Миний гутлын хоншоор цав цагаан болчихсон байхад чинь би юу гэж сургуульд явж байхийн... ий ий ий. ...Энэ үйл явдал мэдээжийн дайн дажин болон өрнөж дараа нь эмээ хошуу цорвойн авдраа уудалж алга тэнийлгэснээр өндөрлөж билээ. Агаа тэгэхдээ нөгөө 45-ын гутлыг нь нээрээ л өмсөөгүй. Эмээ ч бас өмсөөгүй. Эмээг өөд болсны дараа эмээжийн өмд гутлынх нь саванд нөгөө 45-ын гутал чинь цоо шинээрээ байж л байсан...

No comments: