Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Showing posts with label захидал. Show all posts
Showing posts with label захидал. Show all posts

Sunday, November 6, 2011

Охины минь дурлах залууд бичсэн ЗАХИДАЛ /ОХИНТОЙ найзууддаа зориулав/

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хүн сар, нар, оддыг шинжин, өөрийгөө умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь өхөөрдөн ширтэж суудаг гэсэн. Би бол цэцэгчин хүн. Харин надаас тасарч, сэтгэлээс бүтсэн энэ цэцэг одоо өөр гэрэл рүү тэмүүлж байна. Эгдүүцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо үзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдан харж байна. Анх харахдаа л чи түүнд минь татагдсан бол түүнтэй үүрд үргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол түүнд минь гараа хүргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи өөрийгөө андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагүй мэт царайлаад цааш явж одоорой. Түүнд минь горьдлого төрүүлэх хэрэггүй. Тодорхойгүй эхлэлийг тавиагүй л бол аз жаргалгүй төгсгөл ирдэггүй юм.
Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг төрүүлсэн юм. Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь төгсгөлгүй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол түүнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай.
Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад “Ээж ээ, энэ юу вэ?” хэмээн асуусан тэр өдөр би огт танихгүй чамайг бодож зогссон юм шүү. Тэгээд үрийнхээ биеэс урссан тэр халуун шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгүйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?
Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертөнцийг би өөрийнхөө хайраас тасалсан юм. Тэр хайр нүдэнд үл үзэгдэх хэрнээ зүрхийг минь шатааж байлаа. Шатам халуун ертөнцөд минь хаалга, үүд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний төлөө л үхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмүүлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.
Ялимгүй омголон боловч энхрий зөөлөн сэтгэл түүнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс үерлүүлж, шантгар зөөлхөн хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи түр зогсоод духан дээр нь үнс. Чимээгүйхэн эрүүг нь өргөөд уруулыг нь үнэрлэ. Ингэхийг чамд л би зөвшөөрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.
Хэзээ ирэхээ мэдэгдэхгүйгээр чи хаашаа ч битгий яв. Мөч, хором, цаг бүхний тоогоор тэр минь чамайг хүлээх болно. Тийм их хүлээлтийн цаана тоолж боломгүй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дүрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дөлгөөн уярангуй зан хөлдөж ширгэсэн байх болно.
Чамайг тийм халуун галд шатаж, тийм хүйтэн мөсөөр хайруулаасай гэж би хүсэхгүй байна. Миний тарьсан цэцгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгүй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна.
Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мөрүүдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч үзээгүй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжүүлье.
Гараа сайтар угаагаад, хаттал нь арччихаад нарны гэрэл элбэг хүрэлцэх тийм л газар луу түүнийг минь зөөгөөрэй. Тэр чамд яг л өөр шигээ олон үзэсгэлэнт цэцгийг ургуулж өгөх болно. Тэднийг ч бас яг түүн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш үргэлжлэх болно.
/*Би бид хоёр* номноос.../

Saturday, November 5, 2011

Хүүгийн минь дурласан эмэгтэйд бичсэн захидал /ХҮҮТЭЙ найзууддаа зориулав/

Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.
Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү? Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм.
Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад зальбиран зальбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм.
Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай.
Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд "Надаа" гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу?
Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно.
Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ.
Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна.
Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө.
Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна.
Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье.
X.Болор-Эрдэнэ

Tuesday, May 10, 2011

Санаж л явна даа, та нарыгаа.... (Алсын Америкаас...)


Сайн байцгаана уу, миний хөөрхөн найз нар аа!
Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум мэт нисэн өнгөрч, сургууль төгсөөд, хонхны баяраа хийгээд, уйлалдаад салж байснаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ богинохон ч юм шиг хэрнээ хүний амьдралын бүхэл бүтэн нэг үеийг өнгөрөөхдөө найз нь хорвоогийн эрээн бараантай амьдралыг бүгдийг нь туулж мэдэрлээ. Би нэг л юмыг маш сайн ойлгож байна: хүнд хамгийн нандин үнэ цэнэтэй юм бол эцэг эх, үр хүүхдээс минь гадна, хэзээ ч олдошгүй багын минь найзууд юм байна гэдгийг. Магадгүй, та нар минь нутаг орондоо элэг бүтэн амьдралтай, бас хааяа ч гэсэн хэдэн биенийгээ хараад явдаг болохоор багын найз нараараа дутаж, тэднийгээ санан үгүйлж явахын зовлонг тэр бүр мэдрэхгүй л яваа байх. Энд ирсээр найз нь нэг л мэдэхэд 9 жил болчихжээ. Хүний газар бишгүй л юм үзэж явахдаа муу найз нараараа их л дутаж, дотор минь өмөрч явна даа... Би та нартайгаа байхдаа өөрийхөөрөө инээж хөхөрч, бас уйлж галзуурч, хамгаас илүү аз жаргалтай байж чаддаг. Энд бол жоохон л юм ярих гэхээр "онгироо" нэр зүүчих гээд, дуулж чанга чанга инээхээр "галзуу авгай" мэт харагдчих гээд доторхоо ч нээж чадахгүй битүүрч явсаар бэтгэрч үхэхнээ, найз нь... Би та нараараа бахархдаг шүү. Хаана ч явсан манай ангийхан гээд шал танихгүй хүмүүст та нарыгаа ярьчихсан л цохиж явдаг. Энд танилцсан цөөн хэдэн найз нар маань Петька, Васька, Чавка, Анька гээд онигооны гол баатруудыг бол андахгүй шүү дээ... Би ер нь хөгшрөхгүй мэт санаж, хэдэн муу найз нараа мөнхийн юм шиг бодож явждээ... Талийгаач Жиймаагаа өнгөрөөд, Энкүшийгээ өвдөөд ирэнгүүт өөрийн эрхгүй та нарыгаа улам их санаж, ер нь ангийн гурвалжны хурц өнцгийн ажлаа сайн хийж, та нарыгаа уулзуулж, учруулж, харилцаа холбоог нь сэргээхгүй бол болохгүй нь гэж бодлоо. 5б гэдэг анги хэзээ ч тарж бутрах ёсгүй. Үхэн үхтлээ бид холбоотой байж, бидний үр хүүхэд, хойч үед минь бидний нөхөрлөл үлгэр жишээ болж явах учиртай гэж бодогдсон юмаа. Биднийг уулзуулж, санасан сэтгэлийг минь дэвтээх энэхүү блогийг нээх санаачлага гаргасан ангийн дарга Баяраадаа, мөн бидний блогийг ажиллуулж байгаа компьютерийн мастер Петькадаа хувиасаа болон найз нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! Мөн намайг энд байхад надтай үргэлж холбоотой байж, сэтгэлийн дэм, урам хайрладаг, эрч хүч өгдөг найз нартаа баярлаж явдагаа илэрхийлэхийн ялдамд "Та нартаа хязгааргүй хайртай шүү!" гэдгээ дахин дахин хэлмээр байнаа. Энэ блогоо цаашид улам өргөжүүлэхийн тулд хүн бүр идэвхтэй оролцож, гэр бүлийнхээ зурагнууд болон танилцуулгаа, мөн сэтгэгдлээ Петька руу илгээгээрэй. Бид ангийн фото альбом болон өөр олон сайхан зүйлс хийхээр төлөвлөөд байгаа.
Удахгүй та нарыгаа тэврэн уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлэн, мэхийн мэндчилсэн муу найз Сайхнаа /Вовка/ тань /ангийн гурвалжны хурц өнцөг/
2011 оны 5-р сарын 10 Чикаго хот.