![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjrIDFM-omxzSxrMo1zNyVSpDbe1qFE5teyvNy__K6I-XDOdDNOvggjokFcBi7jOMr-NVfY064pvRbtqEz1gCR4PBi0NSs-73SsQlKh4TnNMVndWwWYDYNRMXrG9Kq3JpGolndlZSFHMBkD/s320/fairyharp.jpg)
Чи ахиад л явлаа. Чимээгүйхэн инээмсэглэж, уруул дээр зөөлөн үнсчихээд чи минь ахиад л явчихлаа. Би үлдсэн. Үлдэхдээ чиний эзгүй чилийсэн урт долоон өдөр, зургаан шөнөтэй хүссэн хүсээгүй эвлэрч, хөтлөлцөн зогссоор хоцорлоо...
Чи явж, би үлдсэн тэр амралтын өдрүүд там шиг л өнгөрөв. Буйдан дээр хэвтэж зурагт үзсэн. Бүх киноны гол дүр чи болж харагдаад, би солиорч байх шиг санагдсан. Хоол хийж идсэн. Хамт суугаад инээмсэглэн иддэг чи үгүй болохоор хоолой давсангүй. Нойроо эртхэн дуудахаар уулзах дуртай улаан виног нь аягаллаа, хамгаас амттай “хачир” нь эзгүй болохоор хуурай wine ус шиг орж, мөс шиг жиндүүлэв. Дэргэд минь 5 өдөр, 4 шөнө надад хань болон чамайг хүлээнэ.
Чи явж, би үлдсэн ажлын өдрүүд нэгэн хэвийн. Өглөө хий тэвэрч сэрнэ. Урамгүйхэн босож, халуухан хөнжлөөс улавч руу шилжинэ. Угаалгын өрөө- хувцасны шүүгээ- босоо толины хооронд эргэлдээд хаалганы түлхүүр торхийн дуугарахад санаа алдах зүрхэн хэмнэл цахилгаан шатанд үргэлжилнэ. Гарын хуруу гар утасны товчлуур дээгүүр өдөржин бүжиж, уруул болон чих чамтай намайг учруулах гэж хэрдээ л зүтгэсэн ажлын өдрүүд нэг хэвийн өнгөрлөө.
Чи явж, би үлдсэн долоон өдрөөс зургаан шөнө нь урт байлаа. Чиний эзгүйд орчлон надаар тохуурхаж, бага тоо нь ихээсээ хүчтэй болох нь хачирхалтай.
Цаг хугацаа авилга авдаггүй болохоор одоо надад ганцхан л зам үлдсэн. ХҮЛЭЭХ.
Чи явж, би үлдсэн 7 өдөр, 6 шөнийн дараа... хайр буцална.
Нийтэлсэн: arolob
No comments:
Post a Comment