Ухаарлын үгс...

Зовох цагт өргөөд босгох нь ЧИНИЙ НАЙЗУУД
Зориод очиход тосоод угтах нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гунисан цагт сэтгэлийг чинь сэргээх нь ЧИНИЙ НАЙЗУУД
Гутарсан үед итгэл өгөх нь ЧИНИЙ НАЙЗУУД...
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү....
Жаргах цагт урилгаар ирдэг
Зовох цагт өөрөө ирдэг хүнийг НАЙЗ гэнэ.

A friend in need is a friend indeed.
False friends are worse than open enemies!

Wednesday, November 23, 2011

Диваажинд байгаа ээждээ бичсэн захидал /Хайрт ээжийгээ санан дурсаж буй найзууддаа зориулав/

Сайн байна уу ээжээ. Намрын шар өдрүүд навчсын ёолох дуутай хамт өнгөрч байна. Нарны илч харьсан энэ шар өдрүүд сэтгэл сэмлээд, холоо явсан таныг санаад ганцаардаж байна. Эх газрын зөөлөн хөрс нар хуранд угаагдаж, эргэх дөрвөн цаг бие биеэ дэрлэн зүүрмэглэж, хорвоо дэлхий бахь байдгаараа эргэж байгаа ч хөөрхийдөө тэнэг, гэнэхэн охины тань сэтгэлд өвлийн жавар хургачихаад салахгүй байна. Дэлхий ямар даахгүй гэсэн биш дээ, дэргэд минь сууж, жаахан ч гэсэн амрахгүй яасан юм, өөдгүй энэ орчлон дээр мянга мянган хүмүүс өр, авлага нэхэж амьдраад л байхад өөдсөн жаахан охиндоо ачийг тань хариулж баярлуулах өдөр хоног жаахан ч гэсэн үлдээхгүй яасан юм. Цээжинд бөөн гуниг, бас бөөн гомдол үерлээд байгаа ч цорын ганцхан удаа бичих энэ захидлыг дуусгамааргүй байна.
Аминаасаа амь тасалж ургуулсан, цээжнээсээ сүү нэрж амилуулсан цэцгийн таван илтэс шиг үрс тань сайн байгаа. Ээжийгээ санадаг цор ганц зовлонтой, эх хүний энхрийлэл хайраас өөр дутагдах зүйлгүй амгалан байгаа. Энгэрт тань зүүгдэхээрээ өнгө орон гялалздаг, эрхэлж, нялхарч, чихэр шиг хайранд тань дэвтдэг эрх дөрвөн зээ тань өдрийи уртад өсөж, шөнийн уртад өндөр болж байгаа. Санаа зовох хэрэггүй ээ, миний жаахан ээж. Таны оршин байгаа, миний мэдэхгүй тэр орон зай торго мэт зөөлхөн, эхийн хэвлий шиг дулаахан, тэндхийн хүмүүс хэрүүл тэмцэл, хов живгүй амар амгалан, тэр газар хааны харш шиг эрхэмсэг тансаг, хэзээ ч дутагдах гачигдахын зовлонгүй элбэг дэлбэг байгаа гэдэгт би итгэж байна. Өнө мөнхийн амар амгалан тэр л нутагтаа үрсээ ч санах зовлонгүй тайван суугаарай, миний жаахан ээж. Хорвоогийн юм бүхэн мартагдаж, хуучирч элэгддэг ч гэсэн хөөрхий хүний үр ээжийгээ л хэзээ ч мартаж чаддаггүй юм байна. Хэзээ нэгэн цагт та бурхантай уулзах юм бол, хэрэг болгож ганцхан зүйлийг л гуйгаарай. "Үрсийг эжийгээс нь салгахдаа өрөвдөж хайрлаач" гэж хэлж байна гэдгийг минь дамжуулж өгөөрэй. Бөөр алаг дэлхийд амьтай бүхэн эжийтэй. Бүхий л хүний өмнөөс гуйж байна гэдгийг минь дамжуулаарай. Өөрөөс минь өөр хүний үр ээжээсээ битгий хагацаасай гэсэндээ, өнчин дэрсний бутанд хүртэл нуугдаж амьдардаг өрхийн чинээ туулайн бүжин ч ээжийтэйгээ хамт байг гэсэндээ энэхүү захидлыг илгээж байна.
Б. Нүүдэл

No comments: